Илтгэгч нь Чингис хаан дээд сургуулийн тэнхмийн тэргүүн,
дэд профессор Ё.
Батсуурь
Чингис хааны удирдагчийн хувийн шинж чанарын тухай
(Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулав)
Менежментийн
шинжлэх ухаанд удирдагчийн хувийн шинж чанарын талаар олон эрдэмтэд судлаачдын
гаргасан судалгаа, онолууд байдаг бөгөөд Чингис хаан удирдагчийн хувьд чухам ямар
шинж чанартай хүн байж ийм амжилтанд хүрэв гэдэг асуудал удирдахуйн ухааны
талаас судлах нь миний зорилго болсон юм.
Удирдагчийн хувийн шинж чанар гэдэг ойлголт нь
удирдагч хүний ердийн хүнээс ялгарч, түүгээрээ бусдад нөлөөлөх, дагуулах, өөрөө
амжилт гаргахад тусалдаг хувийн онцгой шинжүүдийн цогцыг хэлдэг байна. Америкийн “Уолл стрит” сэтгүүлийн Gallup
– ын судалгаагаар “Удирдагчийн амжилт
олох хамгийн чухал шинж чанарууд (traits) юу вэ?” гэдэг судалгааны дүнгээр хамгийн чухал 3 шинжэд
голч шударга чанар (integrity), ажилсаг шургуу чанар (industriousness), хүмүүстэй нийцтэй чанар (ability to
get along with people) орсон байдаг ба
би энэ гурав дээр гол нь тулгуурлаж ярья.
Голч шударга чанар (integrity) гэдэгт өөрийн хэлсэн үгэндээ үнэнч байх,
яриа ба үйл ажиллагаандаа тууштай туйлбартай байх болон захирагдагсдаасаа хүсч
байгаа сайн чанаруудыг өөрөө гаргаж харуулах чадварууд ордог байна. Чингис
хааны ийм шинж чанарыг дараах үйлдэл, үйл хэргээр нь тодорхой харж болно.
1.
Тэмүжиний
шударга шулуун зан багаасаа тодорч, дээрэлхүү түрэмгий занг тэвчиж чаддаггүй
байсан тул нөгөө эхээс төрсөн Бэгтэр Бэлгүтэй хоёрын дээрэнхүй үйлдэл дахин
дахин давтагдах болмогц дүү Хасартай “Ийм бол эдэнтэй яаж хамт амьдарч чадна”
гэж ярилцаад Бэгтэрийг 2 талаас нь харван алсан байдаг. Үүний дараа эдний гэр
бүлд дахин хэрүүл гарсангүй, үлдсэн Бэлгүтэйг насан туршдаа өөрийн төрсөн дүү
шигээ хайрлаж зовлон жаргалаа хуваалцаж
ирсэн байдаг билээ.
2.
Ер нь Тэмүжин
багаасаа өөрөө зовж ядарч явсан хүний хувьд хүмүүсийг их бага, дээд доод гэж
ялгалгүй адил тэгш шударга харьцдаг байсан ба тэдний зовлон жаргалыг мэдэрч
найз нөхөр мэт харьцаж, нас барсан хүмүүсийн ар гэрийнхнийг хүртэл харж
хамгаалдаг байсан тул олон сайн хүлэг
баатар, нөхөдтэй болж тэд нар нь үхэхээс буцахгүй дайн байлдаанд ордог байсны
нэг тод жишээ бол Ван хан, Жамуха хоёртой байлдахад Мангудын Хуйлдар сэцэн
“Тэмүжин андын өмнөөс би байлдъя. Миний хойно хоцорсон өнчин хөвүүдийг асрахыг
Тэмүжин анд мэдтүгэй” гэж өөрийн амийг үл хайрлан байлдаанд манлайлан орж шархадсан байдаг.
3.
Чингис хаан
дайснуудаа хүртэл шударга үнэлж нөхөрлөж байсан жишээ олон бий. Тухайлбал Тайчуудтай хийсэн байлдаанд Чингис хааны
хүзүүг харваж шархдуулсан Зургаадайг үнэнч бөгөөд нөхөрлөж болох хүн гэж үзэж
Зэв гэж нэр өгөн дотны ноёноо болгосон, Тайчуудын Таргудай Хирилтугийг барьж
авчрах замдаа эзнээ яаж барьж өгөх вэ хэмээн тавьж суллаад өөрөө ирсэн Ширээт
өвгөний хүүхдүүд Алаг, Наяа хоёрыг сүүлд мянганы ноён болгосон байдаг г.м. олон
жишээ дурдаж болох байна.
4.
Чингис хаан
хүмүүсийг шагнаж урамшуулахдаа харц язгууртан болон овог аймгаар нь ялгалгүй, улс төрийг байгуулахад оруулсан
гавьяагаар нь шударга үнэлдэг байжээ. Тэмүжин сүүдрээс өөр нөхөргүй сүүлнээс
өөр ташуургүй байх үед ирж нийлсэн Боорчи, Зэлмэ хоёроос эхлэн төр улсыг
байгуулахад гавъяа байгуулсан нөхдөө хийсэн гавъяаг нь марталгүй, ард язгууртан
гэж ялгалгүй (жишээ дурдахад
Зэлмэ бол Тэмүжиний зарц байсан) мянгат, түмтийн ноёдоор томилж, зарим хүмүүст ур чадварт
нь тохируулан дархан цол олгож (жишээ нь Бадай Хишилиг хоёр г.м.), янз бүрийн хэлбэрээр гүйцэтгэсэн үйл хэргийг нь
шударгаар үнэлсэн байдаг.
5.
Чингис хаан
байлдааны дараа олсон олзыг шударгаар хувааж тараадаг байсан учир дайны цагт
түүний цэргүүд олзонд шунадаггүй хамгийн сахилгатай цэргүүд байдаг байжээ. Дайсан
дарагдвал олз нь биднийх болно шүү дээ гэж цэргүүддээ сургадаг байв. 1211 онд
Алтан улсыг дайлаар мордоод ирэхдээ манай цэргүүд эд уурсыг өргөж даахуйц ачиж,
хив торгоор ачаагаа татаж явж байсан байдаг. (МНТ х. 123)
6.
Чингисийн голч
шударга зан чанарыг бас нэг харуулдаг
зүйл бол хүмүүсийн олз ашигт шунах, хар амиа бодох, урван тэрслэх, тогтоосон
цаазыг зөрчих, худлаа ярих, хэлсэн ам, андгай тангарагаасаа буцах
зэрэг ёс зүйгүй, шударга бус
үйлдлүүдийг үзэн яддаг байсан ба ийм явдлыг улс дотроо хойшид гаргуулахгүйн
тулд хатуу шийтгэдэг байсан нь түүнийг ямар ёс зүйтэй шударга хүн байсныг
тодорхой харуулж өгдөг билээ. Тухайлбал эзнээсээ урваж, барьж өгсөн Жамухын 5
хүнийг цаазалсан; Сэнгүмийг элсэн цөлд явган хаяад ирсэн агтач
Хөхөчүг цавчин алсан; 1202 оны намар
татааруудтай байлдах цагт олз ашиганд шунаж байлдаанаас саатан, тогтоосон
цаазыг зөрчсөн Алтан, Хучар, Даридай отчигин нарын хаан язгуур угсааг үл
харгалзан олзолсон адуу ба юмыг бүрэн хураан авсан; ам тангарагаа зөрчиж ар хударгаар орж ауруг гэрт халдсан
жүрхиний Сача бэхи, Тайчу нарыг байлдаж дарсан ба нэгэнтээ нөхөр болж, нөгөө удаадаа өрсөлдөгч
дайсан нь болж, Хэрэйд, Найман улсуудын дунд
олон жил хутган үймүүлж дайсагнаж байсан Жамухыг өөрийн хүслээр нь
хороосон байдаг. Чингис хаан шударга зангийн улмаас заримдаа хатуу мэт санагдах
цээрлэлийн аргууд хэрэглэдэг байсан боловч эдгээр нь “эсгий туургатан энх
шударга болж”, нэгдсэн Монгол улсыг байгуулах зорилтыг биелүүлэхэд аргагүй авах
ёстой, чухал арга хэмжээнүүд байжээ. Үүний хүчинд ч “орондоо унтах завгүй
орчилдон тэмцэлдэж байсан” улс оронд дэг журам, ёс зүй, хууль ёс, энх тайван тогтох бололцоо бүрдэж
ирсэн байна.
7.
Түүний гаргасан
Их Засаг хуулинд өөрөө бөөгийн шашин буюу Тэнгэрийг шүтэх үзэлтэй хэдий ч “бүх
шашныг ялгаварлалгүй хүндэтгэх хэрэгтэй” гэж заасан байдаг бол “байлдааны
талбар дээр шархтанаа хамааралгүй орхиж болохгүй”, “харгис ба элбэрэл журамгүй
этгээдийг жигшин занах хэрэгтэй”, “хүн алагсдыг алмой” гэсэн нь шударга
энэрэнгүй зан чанарыг нь харуулдаг. Харин энэ хуулинд хулгай хийх, худлаа ярих,
завхайрах гэх мэт ёс зүйгүй үйлдлүүдийг хатуу шийтгэхээр тогтоож өгсөн байдаг
нь түүний аливаа ёс зүйгүй үйлдлүүдийг
жигшин үздэг байсны тодорхой баримт юм. Чингис хааны шударга зан чанарын талаар
ШУТИС-ын профессор Х. Пүрэвдагва “Чингис хааны менежментийн товчоон” номондоо
“Чингис хаан үнэнч шударга занг хүндэлж, шударга бус, хуурамч занг үзэн яддаг
байжээ”, эрдэмтэн Б. Балжинням “Хаан харц 2 нэгэн адил үүрэг, эрхтэй болсон”
гэж бичсэн байдаг нь Чингис хааны энэ шинж чанар судлаачдын анхаарлыг аргагүй
татдаг болохыг харуулж байна.
Энэ мэтчилэн удирдагч өөрөө ёс зүйтэй, голч шударга,
тууштай байж чадвал захирагдагсад нь тэр жишгээр явахыг хичээдэг учраас орчин
үеийн менежментийн шинжлэх ухаанд удирдагчийн энэ шинж чанарыг чухалчлан үздэг
байна. Энэ шинж чанарын талаар АНУ-ын Ерөнхийлөгч агсан Дуайт Эйзенхауэр
“Удирдагч хүний хамгийн дээд зэргийн чанар бол гарцаагүй голч шударга шинж юм”
гэж үнэлсэн байдаг.
Эндээс үзвэл Чингис хааны голч шударга шинж чанар нь
тархай бутархай, хоорондоо дайсагнасан монголчуудыг нэгдмэл төр засагтаа итгэх
итгэлтэй болгож, нэгтгэж, сахилга хариуцлагатай, зорилготой болгож, “орондоо унтах завгүй орчилдон тэмцэлдэж
байсан” улс оронд шударга ёс, дэг журам, ёс зүй, хууль ёс, энх тайван тогтоход томоохон үүрэг
гүйцэтгэсэн байна.
Нөгөө нэг шинж чанар бол хүмүүстэй нийцтэй буюу нийтэч
чанар (ability to get along with people) юм. Чингис хаан бага наснаас хүнтэй
нийцтэй, бусдын үзэл бодлыг сонсдог, өөрийн үзэл бодлыг хүнд
хүчээр тулгадаггүй хүн байжээ.
ШУТИС-ийн эрдэмтэн Х. Пүрэвдагвын дүгнэснээр Тэмүжинийг эв эеийг эрхэмлэдэг,
нийтэч хүн болоход “Өэлүн эхийн хүмүүжил ихээхэн нөлөөлсөн бөгөөд эвтэй бол
хүчтэй гэдэг гүн ухааны ойлголтыг хүүхдүүддээ суулгасан нь Өэлүн эхийн мөнхийн
гавъяа билээ”. Чингис хааны энэ шинжийн
талаар доорх жишээнүүдээс харж болохоор байна. Үүнд:
1.
Анх 13 настай (МНТ х.39) байхдаа Жамухатай сайн анд нөхөр бололцож андын
тангарагийг баримтлан нөхөрлөж ирсэн ба түүнийг ялагдаад баригдаад ирэхэд ч
гэсэн алахын оронд найз нөхөр хэвээрээ байх санал тавьж байсан, огт танихгүй
Боорчитой нөхөрлөсөн, зарц болгож өгсөн Зэлмэ-г өөрийн нөхөр мэт үзэж харьцдаг
байсан зэргээс үзэхэд Тэмүжин багаасаа дээрэлхүү, бардам ихэмсэг зангүй бөгөөд
хүнтэй нийцтэй хүн байсныг нотолж байна.
2. Жамухаас салсны дараа Монголын язгууртнууд түүн дээр
цуглаж Тэмүжинийг хаан өргөмжлөхөд өөрөө Алтан, Хучар, Сача бэхи, Тайчу
зэрэг хаан гарлын язгууртнуудыг “Чи хаан
бол” гэж тус бүрт нь санал болгож байсныг үзэхэд Монгол улсын эв нэгдлийн төлөө
бусадтай эв эетэй байж, нийцэж ажиллахыг хичээж байсан байдаг.
3. Чингис
хаан өөрөө эхэлж дайн байлдаан өдөөгөөд байсангүй, гадна талаас өдөөсөн дайн,
шударга бус явдал, гадаад улсуудын зөвхөн өөрийн эрх ашгаа бодсон, олз ашигт
шунасан явцуу бодлогын эсрэг аргагүйн эрхэнд тэмцсэн байдаг. Тухайлбал тайчууд,
мэргидүүд Тэмүүжинг бага балчир байхаас нь дээрэлхэн довтолж өөрийг нь болон
эхнэрийг нь олзлон аваачиж дайсагнаж байсан учраас л тэдний эсрэг тэмцэхээс өөр
аргагүй болсон, Хэрэйд, Найман, Жамух нар л дайныг эхэлж өдөөсөн, мөн Сартуулын
султаны эсрэг Монголын ард түмэнд дутагдаж буй бөс даавуу, үр тариа, бусад
барааны төлөө буюу чөлөөт арилжаа наймааны төлөө аргагүйн эрхэнд тулалдах
хэрэгтэй болсон байдаг.
4.
Чингис хааны аливаа зөрчил тэмцлийг хоёр талын эрх ашгийг
бодолцож, хүчээр бус, эв зүйгээр, дипломат аргаар шийдвэрлэхийг хичээдэг байсан
юм. Тухайлбал, өөрөө дөнгөж хаан өргөмжлөгдөөд Тоорил ханд Тахай, Сүхэхэй
хоёрыг элч болгон илгээж найрсаг харилцаа тогтоох, энх тайванч санаагаа
илэрхийлж байсан байдаг. Жүрхин нартай зөрчилдөхөд хүлээцтэй байж буулт хийн
Хорижин хатан, Хуурчин хатныг буцааж өгч байсан. Хэрэйд улстай дайн тулаангүй
амар тайван байя гэж сэтгээд Зүчид Сэнгүмийн дүү Чаурбэхийг гуйж бас Сэнгүмийн
хөвүүн Тусахад өөрийн Хожин бэхийг өгье гэж санал тавьж байсан юм.
Чингис
хаан судлаач профессор Б.Балжинням “Монголчууд төвшитгөсөн ард түмнүүддээ хэзээ
ч ертөнцийг үзэх үзэл, ёс заншил, хэл, шашин гэх мэт амьдралын хэвшлээ тулган
хүлээлгэж байсангүй.” (Б.Балжинням “Монголын түүхийн товчоон х. 785) гэж дүгнэсэн
байдаг нь Чингис хааны үзэл бодлоо бусдад тулгадаггүй зан болон үүнийг нь өвлөн
авсан түүний залгамжлагчдын үйл ажиллагааны талаарх чухал дүгнэлт юм.
Чингис
хаан өөрийн охид болон хүүхдүүдийнхээ охидыг гадны улс оронд бэр болгох замаар гадаад зөрчилдөөнийг шийдвэрлэх, ялагдсан овог
аймгийн охидоос өөрөө хатан болгон авч ураг барилдах зэргээр дотоодын
зөрчилдөөнийг шийдвэрлэх дипломат аргыг чадварлагаар хэрэглэдэг байсан юм.
Тухайлбал, татаарын ард түмнээс Есүй, Есүгэн хоёр хатныг авсан, Хэрэйдийн
Жаха-Хамбугийн охин Ибагыг өөрөө, нөгөө охин Сорхогтанийг хүү Толуйд өгч, Мэргидийн
Худугийн охин Дөргэнэ-г Өгэдэйд өгсөн, Мэргидээс Хулан хатан, Найманаас Таян
хааны эх Гүрбэсүг авч ураг барилдсан нь тодорхой бодлоготой байсан агаад энэ нь
улс дотроо ялсан ялагдсан хүмүүсийн хооронд өс санах, яс үндэс, ураг төрлөөр
гадуурхах аливаа зөрчлүүдийг үгүй хийж Монгол гэдэг нэг л үндэстэн гэсэн үзэл
санааг төлөвшүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна.
5.
Нийтэч хүний
гол чанар бол яс үндэс, мэдлэг чадвар, шашин шүтлэг, албан тушаал болон гарал
үүслээр (тухайн үедээ
харц, язгууртан) хүнийг ялгаварладаггүй харьцах чадвар бөгөөд үүнийг
Чингис хаан төгс эзэмшсэн хүн байсан байна. Үүний бас нэг жишээ бол харь
гаралтай олон эрдэмтэн мэргид, гар урчууд, мэргэжилтэн, түшмэдийг өөрийн ажилд
татан оруулж Монголын төлөө ажиллуулж чадаж байсан явдал юм. Энэ талаар
эрдэмтэн Б.Балжинням “... үндэс угсаагаар ялгаварлан гадуурхах үзлээс
Монголчууд ангид байсны баталгаа нь харийн олон алдарт хүмүүсийг өөрийн төрдөө
татан ажиллуулж байсан явдал юм.” (Б.Балжинням “Монголын түүхийн товчоон х. 785) хэмээн өгүүлсэн нь угтаа харийн хүмүүстэй
ч нийцтэй байж, тэдний мэдлэг чадварыг ашиглаж чаддаг байсан Чингисийн арга
барилыг хэлж байгаа хэрэг билээ.
Дээрхээс
дүгнээд үзэхэд Чингис хааны угийн нийтэч шинж чанар нь нэгдсэн Монгол улсын
дотоод эв нэгдэл, монгол үндэстний төлөвшилд ихээхэн хувь нэмрийг оруулаад
зогсоогүй, гадаад дипломат үйл ажиллагааны гол чиглэл болж байсан байна.
Гуравдах шинж чанар буюу удирдагчийн ажилсаг шургуу
чанар (working
hardness) (industriousness) бол бол шинэ сэтгэлгээ, шинэ технологи, шинэ арга барилыг
бүтээлчээр хэрэглэн шургуу тэмцэж зорилгодоо хүрэх чадвар бөгөөд энэ нь
удирдагчийн хийсэн бүтээсэн зүйлээр нь илэрдэг билээ. Чингэс хаан хар багаас өнчирч, айлын том
хүүгийн хувьд гэр бүлээ тэжээх, овог аймгаа нэгтгэн удирдах том үүрэг
хариуцлагыг хүлээсэн нь түүнийг багаас нь ажилсаг шургуу болгож сургасан байна.
Дээр дурдсан судлаач профессор Х.Пүрэвдагва үүнийг маш оновчтойгоор “Тэмүжиний
хүүхэд нас ердөө есхөн жил байсан...” (“Чингис хааны менежментийн товчоон” УБ, 2004, х.
27) гэж дүгнэсэн байдаг.
Чингис хаан 1189 онд буюу 27
насандаа өрсөлдөгч дайснуудтай шургуу тэмцэн, монголын ихэнх овог аймгийг
нэгтгэж Чингис хаан цол өргөмжлөгдөж байв. Тэгвэл дэлхийн томоохон цэргийн
жанжны тоонд ордог Наполеон 27 насандаа дивизийн захирагч, Гитлер Дэлхийн I дайнд
ахлах байлдагч цолтой явжээ. Харин Македоны Александрын хувьд хаан эцгийн бэлэн
ор залгамжилсан тул цэргүүдээ удирдан дайн байлдаанаа эхэлсэн байдаг билээ.
Мөн 1206 онд буюу 44 насандаа Нэгдсэн Монгол улсыг байгуулан, овог аймгийн
хуучин тогтолцоог устган зуут мянгатын системээр эдийн засаг, цэргийн нэгдмэл цоо шинэ засаг захиргааны бүтэц
зохион байгуулалт хийв. Монголын ард түмэн нэгдмэл нэг үндэстэн болон хувирч,
овог аймгийн дайсагналгүй болж, энх амгалан, хууль зүй, шударга ёсыг тогтоов.
Улс орноо гадаадын дайснаас найдвартай хамгаалахын тулд батлан хамгаалах хүчийг
шинэчлэн зохион байгуулж чадварлаг тактик стратегитай, дэлхийд хамгийн шилдэг
армийг байгуулав. Эрдэмтэн Х.Шагдарын судалгаанаас үзвэл монголын цэрэг нь
хүнд, хөнгөн морин цэрэг, явган цэрэг, зэвсэг урлах урчуудын цэргээс гадна зам
гүүр барих, хэрэм цайз нураах төхөөрөмжүүд, дэлбэлэх шатаах хэрэгслүүд хийдэг
инженерийн цэрэгтэй, их бууны анги, ар талын ангитай орчин үеийн армиас
дутахааргүй зохион байгуулалттай байсан (Монголчуудын аян дайн, цэргийн урлагийн түүх,
УБ, 2000, х. 512-515) төдийгүй цэргийн тактик стратегийн хичээл
судалдаг цэргийн академи (хишигтэн цэрэг)-тай байжээ. Эдгээрээс
үзэхэд Чингисийн ямар бүтээлч, үр дүнтэй удирдагч болох нь харагдана.
Чингис хаан Монгол улсыг төвшитгөсний дараа дэлхий ертөнцийн хэмжээнд
даяарчлалыг хийж улс орнуудын дунд энх амгалан тогтоох, харилцан ашигтай
арилжаа худалдаа хийх, нэгдмэл зах зээлийг бүрэлдүүлэх үзэл санааг
хэрэгжүүлэхийн төлөө амьдралын эцэс хүртлээ тэмцэж иржээ.
Америкийн эрдэмтэн Жек Ветерфорд “Чингис хаан салангид олон жижиг аймгуудын
эринийг эцэслэж, тэднийг худалдаанд суурилсан дэлхийн нэгдмэл тогтолцоонд
оруулан, түүхэнд урьд өмнө байгаагүй нэгдмэл гүрэн болгон нэгтгэсэн билээ” (“Өнөөгийн
ертөнцийг үндэслэгч эзэн Чингэс хаан”. II
хэвлэл. 2005. УБ.х.11) гэж
дүгнэсэн нь түүний хийсэн ажлын үр дүнг нэгэн үгээр тодорхой харуулж байна.
Удирдагчийн ийм ажилсаг шургуу чанар бол өнөө үеийн компани, корпорацийн
удирдагч нарт байх заавал байх ёстой шинж чанар бөгөөд үүнийг эрдэмтэн Ким Жон
Рэ соргогоор ажиглаж, дэлхийн эдийн засаг хямралд орсон өнөө үед Өмнөд
солонгосын залуус, корпорацийн удирдагч нарт Чингис хааны арга барилаар ажиллахыг
уриалсан байдаг.
Чингэс хааны удирдагчийн дээрх 3 шинж чанар дээр нэмж зайлшгүй хөндөх
нэг асуудал бол хүнд ховорхон тохиолддог харизматик шинж
чанарын тухай юм.
Харизма гэдэг грек үг нь тэнгэр бурхнаас заяатай гэсэн
утгыг илэрхийлдэг бөгөөд ийм хүн төрх байдал, нүүр царай, харьцаагаараа
хүмүүсийг өөртөө өөрийн эрхгүй татаж чаддаг ба бусад хүмүүс түүний үгийг
хүндэтгэн биширч дагадаг учир бурхнаас заяагдсан хувь хүн гэж үздэг байна. Энэ
нэр томъёог анх германы социологич германы Max Weber
(1864 –1920) гаргасан ба эрдэмтэн Конгер, Канунго нар судалж
харизматик удирдлагын онолын үндэслэлийг 1987 онд гаргасан байдаг.
Удирдагчийн харизматик шинж чанарыг орчин үед их сонирхон
судалдаг болж байгаа бөгөөд дэлхийн нийгэм, улс төрийн томоохон зүтгэлтнүүдийн
олсон амжилтыг түүний харизматик шинж чанараар тайлбарладаг болсон байна.
Тухайлбал францууд Наполеоныг, германчууд Гитлерийг, америкчууд Билл Клинтоныг,
англичууд Черчиль ба Диана гүнжийг харизматик хувь хүн үздэг байна. Одоо ч гэсэн улс төрчид олон түмэнд таалагдаж
татахын тулд нүүр царай, хувцас хунарыг нь тордож, хэлэх үгийг нь бэлтгэж дагаж
явдаг imagemakers гэдэг баг
хүмүүстэй ажилладаг нь чухамдаа харизматик шинжийг бий болгож буй хэрэг билээ.
Чингис хааны харизматик шинжийг илэрхийлэх жишээ олныг
бид дурдаж чадах байна. Үүнд:
1.
Чингис хаанд
энэ харизматик шинж (товчоор хэлбэл татах чадвар) нь бүр багаасаа мэдэгдэж эхэлсэн буюу төрөлхийн шинж
чанар гэж үзэж болохоор байна. Тухайлбал “ Монголын нууц товчоон”- д Дэй сэцэн,
Сорхан шар, Таргудай Хирилтуг нар Тэмүжинийг бага байхад нүдэндээ галтай,
нүүрэндээ гэрэлтэй хөвүүн гэж 3 удаа хэлсэн байдаг. Монголчууд одоо ч гэсэн
хэр баргийн хүнийг нүдэндээ галтай, нүүрэндээ гэрэлтэй гэж ховорхон хэлдэг бөгөөд Тэмүжинг 9 наснаас
эхлэн нь нүдэндээ галтай, нүүртээ гэрэлтэй гэж хүмүүс анзаарч, зарим нь
атаархаж байснаас үзэхэд Чингисийн харизматик шинж чанар тохиолдлын зүйл биш,
төрөлхийн ийм шинжийг агуулсан хүн байжээ гэдэг дүгнэлтэд хүргэдэг.
2.
Идэр насандаа ирээдүй
нь тодорхой бус, ядуу зүдүү байхад нь ямар ч эргэлзээгүйгээр ирж хүчээ өгсөн
Боорчи, Зэлмэ нараас эхлэн дайсагнагч олон овог аймгаас албат иргэд, баатрууд, язгууртнууд сайн дураараа
ирэн нийлж, удирдлагыг нь бүрэн хүлээн зөвшөөрч байсан нь түүний хүмүүсийг
өөртөө татах чадварыг нь илтгэж байна.
3.
Менежментийн
шинжлэх ухаанд сайн удирдагч дайснаа нөхөр болгож чаддаг байх ёстой гэж үздэг
бөгөөд Чингис хаан олон дайснаа нөхөр болгож татаж чаддаг байжээ. Тухайлбал
багад нь албат иргэдийг нь дагуулан өнчин хэдэн хүүхдийг хаян нүүж байсан
Тайчуудын Таргудай Хирилтуг Тэмүжинг хүчтэй өрсөлдөгч болохыг мэдсэн хир нь
Тэмүүжинийг хүч дорой байх үед устгаж төвдөөгүй явдал байдаг. Таргудай Тэмүжинг
барьж аваачсан хойноо алахыг үл төвдөн дөнгөлж айл хэсүүлэн шийтгэж байв.
Түүнчлэн Жамуха Гүр хаанаар өргөмжлөгдөж Чингисийн гол өрсөлдөгч болж явсан боловч Тэмүжинг өөрөөсөө илүү
билэг авъяастай гэдгийг хар багаасаа ойлгож мэдэрсэн, Монгол улсыг энэ хүн
нэгтгэж, улс шиг улс болгож чадна гэдгийг ойлгосон тул Тэмүжинг хүч дорой
байхад хэдэн удаа устгах боломжтой байсан боловч чадаагүй юм. Жамуха өөрийн
хүслээр үхэхдээ түүний ур чадвар, авъяас билгийг үнэлж, уужим сэтгэлт анд,
ухаант царай, тэнгэр заяат, далай Чингис гэх мэтээр хувийн
шинж чанаруудыг магтсан байдаг. Хирилтуг бас сэргэлэн авъяастай хөвүүн гэж
үнэлж байсан байна. (МНТ х. 63) Түүнчлэн Жамухын үгэнд мөн тэнгэр эцгээс
заяатай гэж дурдагдсан байдаг нь лав л Есүхэй баатрыг хэлээгүй, тэхээр
тэнгэрээс заяасан авъяас билэг гэдгийг Жамуха
төдийгүй тэр үеийн хүмүүс ойлгож
байсныг илтгэж байгаа бус уу?
4.
Германы түүхч
Райнхолд Нойман – Ходиц “Чингис хаан” (2002) номондоо Чингэс хааны хүнийг татах чадварыг онцлон тэмдэглээд
“Чингис хаан чухамхүү өгөөмөр сэтгэлийн хүчээр хүмүүсийг татаж чаджээ.” гэж
дүгнэсэн байдаг.
5.
Английн профессор Mick Yates Чингэс хааны удирдлагын арга барилыг судлаад
гаргасан “Чингэс хааны 4E” онолдоо Чингис хаан бол харизматик хүн байжээ (He was charismatic) гэдэг
дүгнэлтийг өгсөн байна.
Энэ бүхнээс
үзэхэд Тэмүжин хар багаасаа хүнд ховорхон тохиолдох хүнийг өөртөө татах
чадвартай байсан бөгөөд цаашдаа Монголын олон овог аймаг, язгууртнууд, жирийн
ард иргэд, үнэнч нөхөд, баатар жанжингууд, чадварлаг авъяаслаг хүмүүс төдийгүй
өдий төдий харь улсын хаад, албатууд сайн дураараа ирж нийлж үнэнчээр зүтгэж
байсан жишээнээс үзэхэд маш сайн харизматик шинж чанарыг агуулсан хүн байжээ
гэдэг дүгнэлтэнд хүрч байна. Түүн дээр нэмж дурдахад монголчууд Тэмүжинг дээд
дэнгэрээс заяат төрсөн гэж бичиж ирсэн нь санамсаргүй зүйл биш бөгөөд харин
харизматик гэдэг ойлголтыг монголчууд дээд тэнгэр, бурхнаас заяатай гэдэг
утгаар нь Чингисийн үеэс эхлэн хэрэглэж байсны баримт юм.
Чингис хааны
энэ харизматик шинж чанар нь дайн байлдаан, гарз хохирол багатайгаар олон овог
аймаг, улс, тэдгээрийн удирдагчдыг өөртөө татан нэгтгэж Европ, Азийг дамнасан
гүрэн улс байгуулахад чухал үүрэг
гүйцэтгэсэн байна.
Дүгнэлт
1. Эндээс үзэхэд Чингис хаан орчин
үеийн удирдахуйн ухаанаар тогтоогдсон удирдагчийн гол шинжийг төгс агуулсан, чадварлаг, ухаалаг,
алсын хараатай (envision), дэлхийн хэмжээний
удирдагч байсан учраас ийм амжилтанд хүрчээ.
2. Чингис хааны амжилтын үндэс нь
удирдагчийн дээрх гол шинж чанарууд бөгөөд эдгээр шинж чанарыг эзэмшиж чадвал
нүүдэлчин овгийн жижиг удирдагч ч дэлхийн хэмжээний удирдагч болж болдгийг
Чингис хааны түүх харуулж байна.
3. Дэлхийн түүх болон Чингис хааны
түүхээс түүний удирдагчийн шинж чанар, арга барил, ур чадвар, баялаг туршлагаас
судлах, сурч мэдэх, сургамж болох зүйл бидэнд өшөө их байна.
4. Орчин үеийн даяарчлалын нөхцөлд
компани, корпорацийн удирдагч нарт Чингис хаанаас сурах, санаа авах зүйл их байгаа бөгөөд Чингис хааны хувийн шинж чанар, ур чадвар, арга барилаас
суралцан дэлхийн хэмжээнд сэтгэж, шинэ технолог, Монголын байгалийн баялаг,
гадаадын мэргэжилтнүүдийг бүтээлчээр ашиглан дэлхийн зах зээлд өрсөлдөх өргөн
боломж, арга зам нээлттэй байна.
No comments:
Post a Comment